Мэдээ мэдээлэл

ШИНЭ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАРИХТАЙ ХОЛБОГДУУЛАН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас Дархан-Уул аймагт амбулаторийн иж бүрэн тоноглолтой шинэ эмнэлгийн төслийг дэмжин орон нутагтай хамтран ажиллах тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр энэхүү төслийн хүрээнд шинэ Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг төлөвлөхөд тус банкны холбогдох журмын дагуу хүрээлэн буй орчин, нийгмийн үнэлгээний 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Мөнхбаттай уулзалт хийж, Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдал, шинэ эмнэлгийн бүтээн байгуулалт, салбарын хүний нөөц, хүн амын өвчлөлийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Аймгийн хэмжээнд шилжин ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул Шинэ нэгдсэн эмнэлэгтэй болсноор иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах, мөн эмнэлгийн ачааллыг бууруулах томоохон ач холбогдолтой болно хэмээн хэлж байсан.

Тус судалгааны баг 2 өдрийн турш Манай аймагт ажиллахдаа төслийн төлөвлөлтийн талбар, ойролцоох барилга, байгууламжтай танилцаж болон иргэд, оршин суугчидтай уулзан ярилцах юм байна.